Жил бүрийн 9 дүгээр сарын 25-нд дэлхий нийтээрээ Дэлхийн эм зүйчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр нь эм зүйчдийн эрүүл мэндийн тогтолцоонд гүйцэтгэж буй үнэтэй хувь нэмэр, манлайллыг олон нийтэд сурталчилж, эм зүйн салбарын үнэ цэнэ, хөгжлийн чиг хандлагыг тодотгох зорилготой байдаг.
Эм зүйчид нь өвчтөн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд эмийн сонголт, тун, харилцан үйлчлэл, гаж нөлөөний талаар зөвөлгөө өгч, эмч, өвчтөн хоёрын хооронд мэргэшсэн зуучлагчийн үүрэг гүйцэтгэж, эмчилгээний аюулгүй, үр нөлөөтэй байдалд хяналт тавьдаг өвчтөнтэй хамгийн ойр мэргэжилтнүүд юм.
2025 оны энэ өдрийг Олон улсын эм зүйн холбоо (FIP) Think Health, Think Pharmacist уриан дор тэмдэглэж байна. Энэ нь эм зүйч бол эрүүл мэндийн бодлогоос эхлээд өвчтөний өдөр тутмын эмчилгээ хүртэл бүх шатанд салшгүй оролцогч гэдгийг дахин нотолсон хэрэг юм.
Дэлхийн эм зүйчдийн өдөр нь зөвхөн мэргэжилтнүүдийн баяр биш, харин хүн амын эрүүл мэндийн үнэ цэнийг сануулах өдөр юм. Эм зүйч бол эрүүл мэндийн салбарын салшгүй нэг хэсэг, өвчтөний итгэлтэй зөвлөгч, эрүүл мэндийн тогтолцооны хөгжлийн хөдөлгөгч хүч юм.
Эрүүл мэндийн төлөө – Эм зүйчтэй хамт!
Нийт эм зүйчиддээ Дэлхийн эм зүйчдийн өдрийн мэндийг хүргэе!